Говийн сакура дэлбээллээ. Урин дулааны үеэр жуулчид сакура цэцэглэхийг харахаар ирдэг болоод уджээ. Элсэн дунд битгий хэл хар хөрсөнд ургуулахад төвөгтэй энэ ургамал зөнгөөрөө ийнхүү ургаж байгаа нь гайхалтай. 4 сарын сүүлээр 05 сарын эхээр цэцэглэдэг бөгөөд энэ үеэр Сайншанд руу явах галт тэрэг маш их хүнтэй болдог. Миний сонссоноор Говийн Догшин ноён хутагт Данзанравжаа Япон шавьтай байсан бөгөөд 19 дүгээр зуунд тэр шавь нь Хутагтын бясалгал хийж, бүтээлээ туурвиж байсан алдарт газар болох 108 агуйн хажуу жалганд уг Сакураг нутгаасаа авчирж суулгасан гэдэг. Харин нутгийн өвгөдүүд уг сакураг шөнө гэрэлтдэг гэж ам дамжин ярьдаг байна. Уг агуй нь Дорноговь аймгийн Сайншанд сумаас 40 гаруй км-т байрлах бөгөөд ойр орчинд нь хүний хүслийг биелүүлдэг Хүслийн уул, дэлхийн энергийн төв цэг Шамбалын орон, Хамарын хийд, Мөөм овоо буюу Тонтой овоо, Энх тайвны хонх буюу Тэнгэрийн хонх, Хилэнцийг арилгах алтан хаалга, Бирдийн ходоод, Алтан гавал овоо, Эхийн умай гээд өөр өөрийн өвөрмөц сүжиг, цадигтай, үзэж сонирхох, судлах зүйл олон бий. Очоод ирсэн хүмүүс нь сэтгэлийн, итгэлийн хүчээр их Шамбалын оронд нь орж, энерги, эрч хүч авч, Хутагтын адис хүртсэн мэт болж хүссэн бүхэн нь сэтгэлчлэн бүтдэг нь аргагүй бизээ. Энэ тухай би өмнө нь орон нутгийн сайтад мэдээлэл оруулж байсан юм байна.
За тэгээд Дэлхийд энергийн төв болсон Монгол нутагт минь байх олон орны хүмүүсийн анхаарлыг татагч энэхүү газрыг үзэж сонирхох бол Сайншанд руу явахад 7400-21500 төгрөг, ирж очихтойгоо 14800-43000 төгрөг, цааш явж энэ бүгдийг үзэхэд тасалбар 500 төгрөг, микро хөлсөлөхөд дээд тал нь хүний 10000 төг. Нийтдээ нэг хүнээс дор хаяж 24800-53000 төгрөг, нөөц мөнгөтэйгээ явъя гэвэл 40000 бол яг таарна. Харийн нутаг л сайхан гэлгүй өөрийн эх нутагтаа байгаа гайхамшгуудаа хайрлан хамгаалж, бахархан алдаршуулцгаая.
Эх сурвалж: Purew E...
Сайншанд хотод тавтай морилно уу...
Энэ нь цаанаа манай хоёр орны ард түмэн, хамгийн сайн сайхан, түүхэн үйл явдал, алдар нэртэй хүмүүсээрээ холбогдож байх учиртай гэсэн санаа агуулж байдаг болов уу.
Монгол нутагт эрт цагт болсон нэгэн түүхийг энд товч тэмдэглэе хэмээн бодлоо.
Энэ бол домог биш бодит баримт юм.
Одоогийн Дорноговь аймгийн Ноён хутагт Д.Данзанравжаагийн түүхийн музейн эрхлэгч, түүхч, судлаач З.Алтангэрэл бидэнд монгол, японы эртний уламжлалт харилцаа, Монгол, Япон хүмүүсийн эгэл жирийн нөхөрлөлийн тухай үнэнхүү болсон явдлын тухай нэгэн сонин түүх ярьсан юм.
Монголын их соён гэгээрүүлэгч, төр шашны нэрт зүтгэлтэн, хөгжмийн зохиолч, зураач, урлаг судлаач "Говийн Ү догшин ноён хутагт" хэмээн түүхэнд алдаршсан Дулдуйтын Данзанравжаа 1845-1846 оны үед Бээжинд явж байгаад нэгэн Япон хүнтэй танилцжээ.
Гэтэл тэр япон "Би тантай хамт Монгол газар очиж, Таны их эрдэм номоос жаахан ч гэлээ сурч гэгэээрье" гэж гуйжээ.
/Д.Данзанравжаагийн бүтээлийг НҮБ-ийн соёл боловсрол, шинжлэхухааны төрөлжсөн байгууллага ЮНЕСКО 2006 онд дэлхийн соёлын өвөөр бүртгэж авсан юм.
Д.Данзанравжаагийн жанч халсны 150 жилийг ЮНЕСКО, Монгол Улстай хамтран 2006 оны наймдугаар сард тэмдэглэсэн болно.
Данзанравжаа хэдийгээр хуврага хүн байсан ч элдэв эрдэмд гаргууд хүн байжээ. Тэр, үлгэрлэн хэлвээс одоогийнхоор ердийн "СD"-ний тал шиг, тал саран хзлбэртэй, хутга шиг иртэй төмрийг шидэж, нисч яваа бор шувууг дундуур нь хуваадаг хүн байсан юм байх.
Мөнөөх япон эр гол нь тэр эрдмийг нь сурч авах зорилготой байсан гэдэг./
Данзанравжаа хүсэлтийг нь зөвшөөрчээ. Тэгээд л мань япон эр, хутагтыг даган Хамарын хийдэд ирж хоёр жил гаруй хугацаатай амьдарсан юм билээ.
Тэр Монголд байхдаа Данзанравжаагаас сурах гэсэн эрдмээ ч сурч, бас хажуугаар нь янз бүрийн ажил хийж амьдарч байсан юм байх.
Нэг сонин баримт бол Хамарын хийдээс зүүн хойш арваад километрийн зайд орших Равжаа хутагтын номын агуйн ойролцоо, нэн эрт цагт, галт уулын дэлбэрэлтээс үүссэн ан цав хавцал дунд Монголд байдаггүй нэгэн бутлаг ургамал одоо хэр нь ургасаар байдаг байна.
Түүнийг нутгийн өвгөчүүл саяхан болтол "Япон мод" гэж нэрлэдэг байжээ.
Тэр мод, дөрөвдүгээр сарын төгсгөл тавдугаар сарын эхээр цэцэглэж, нэг их сайхан цэцэг ургаад долоохон хоноод цэцэг нь үгүй болдог.
Үүнийг зарим хүмүүс, японы алдарт сакура цэцэг гэж байхад нөгөө нэг нь монголын бүйлс, японы сакура хоёрын дундаас гарсан эрлийз ургамал гэж үздэг гэнэ.
Мөнөөх самурай нутаг буцахдаа Данзанравжаад нэгэн сэлэм бэлэглэжээ. Тэр сэлэм өнөө хэр Дорноговь аймгийн Д.Данзанравжаагийн музейд хадгалагдсаар байна.
Харин Япон Улсаас Монгол Улсад 1996-1999 онд сууж байсан Элчин сайд Ш.Кубота 1998 оны намар оройхон музейн эрхлэгч Алтангэрэлд хандан "Өөрийн музейд хадгалагдаж байтаа, самурайн гэх сэлмийг бололцоо байвал бидэнд авчирч үзүүлнэ үү" гэж хүсчээ.
Кубота нар сэлэмний ишийг задалж, дотор нь бичсэн бичгийг уншаад "Энэ бол Морито гэдэг самурайн сэлэм байна" гэж батлажээ.
Тэд сэлэмний ишийг буцаан хуучин байсан байдлаар нь болгож өгсөн юм. Самурай нар сэлэмнийхээ бариулыг ямар нэг утаслаг зүйлээр маш нямбай ороож хийдэг аж.
Гэвч Кубота нарын япончууд тэрхүү сэлэмний ишийг хуучин байсан шигороож хараахан чадаагүй ч олзуурхууштай нь Морито гэдэг самурайн сэлэм мөн гэдгийг хэлж өгсөн явдал юм" гэж ярьж билээ.
Япон Улсын хан хүү Фумихито 2002 онд Монгол Улсад айлчлах үеэрээ Хамарын хийд, Данзанравжаагййн музейд зочлон, мөнөөх сэлмийг сонирхон үзэж байх үеэр түүний бараа бологсдын нэг нь
"Тэрхүү самурайн Монголд ирж байсан цаг үе бол Япон Улсын гадаад байдал хүндхэн, харийн түрэмгийлэгч халдан довтолж болзошгүй гэж болгоомжилж, Японоос хэнийг ч гадагш нь гаргадаггүй, мөн гадаадаас хүн оруулахыг хатуу хориглосон үе байлаа. (1639-1868 оны үед Япон Улс дэлхий дахинаас үндсэндээ бүрэн тусгаарлагдаж байсан гэдэг.)
Энэ хүн, тийм хэцүү цаг үед Японоос гарч Хятадаар дамжин Монголд ирсэн байх. Бас сонин түүх төдийгүй монгол, японы хүмүүс нэн эртнээс найрсаг харилцаатай байсныг батлах чухал баримт юм"гэж ярьж байсан гэнэ.
Хан хүү Фумихитод Хамарын хийдийг үзүүлсэн үндэслэл нь тэр Бурхны шашныг гүнзгий судалсан сайн мэддэг, түүний дотроос улааны чиглэлийг онцлон сонирхож судалдаг талыг харж үзсэн бололтой юм билээ.
Бас мөнөөх Хамарын хийдийн хувь заяанаас улбаатай (Өнгөрсөн зууны гуч дөчөөд онд гарсан байж болох) сонин яриа ч байх юм.
Тухайлбал, Хамарын хийдийг Монгол, Зөвлөлтийн тусгай албадынхан өнгөрсөн зууны гучаад оны үеэс сонирхож, улмаар тус хийдийг "Японы тагнуулын эртний үүр, хувьсгалын эсэргүү харгис хүчний түшиц газар байж болзошгүй" хэмээн үзэж Зөвлөлтийн 17-р армийн дайчдаас оруулан цэргийн хүчээр устгаж, уг хийдийг газрын хөрстэй тэгшилсэн.
"Хамарын хийдийн туйр одоо ч япончуудын сонирхлыг татсаар байдаг. Энд ямар нэг учир бий байх" гэсэн таамаглал өнөө хэр нь байдаг гэнэ.
Гучаад онд Монголын олон зуун сум хийдийг устгасан хэдий ч Хамарын хийдийг устгасан шиг, цэргийн хүчээр устгасан өөр баримт байдаггүй юм билээ.
Бас өөр нэг сонин баримт бол нэгэн япон эр 1910-аад оны үед Монгол орноор тэнүүчилж яваад хаврын тарчиг цагаар даарч хөрснөөс болж ямар нэг өвчин туссан байна.
Тэгээд хөдөөгийн малчин айлд олон сар хэвтэж эмчлүүлсээр эдгэрсэн гэдэг. Нөгөө айлынхан тэр японыг зөвхөн гүүний саам, айргаар эмчилсээр эдгээснийг мань хүн ихэд гайхаж "Энэ гүүний сүүгээр хийсэн ундаанд л нэг учир байна" гэж бодоод хэрдээ судлаж ажиглажээ.
Япондоо очоод гүү барьж, саамаар нь нөгөө ундаагаа хийх гэтэл цаг агаар ч таараагүй юм уу, өвс ургамлын найрлагаас ч болсон уу ямар нэг шалтгаанаар айраг болсонгүй, монголчуудынхаар бол сүү нь багадсан цийдэм шиг цэхэр шингэн болоод байж.
Мань хүн тийнхүү айраг хийх гэсэн оролдлогоо бүтэхгүй болохоор нь нөгөө ундааг, японыхоо цай ундааны амт, хольц найрлагын онцлогт таарсан зүйлээр амталж, мөн янз бүрийн жимс холин засч сайжруулсаар нэгэн төрлийн ундаа бий болгож чаджээ.
Түүнийгээ "Калпис" гэж нэрлэсэн байна.
Калпис нь одоо Японд хүүхэд хөгшидгүй дуртай уудаг ундаа болж алдаршжээ.
Сүүлдээ "Калпис" нэртэй компани хүртэл байгуулсан, одоо ч ажилласаар байгаа гэнэ.
"Калпис" компани бас үхэр, адууны сүүгээр монголын үндэсний шимийн архи маягийн зүйл хийж, түүнийгээ дахин нэрж өөр нэг төрлийн архи үйлдвэрлэдэг болсон байна. Тэр нь монголчуудын хийдэг арз, хорз, хэмээх хартуу архитай төстэй юм байх.
Sonin tuuh baina, bayarlalaa bichsen bolon oruulsan hund
ReplyDeletegoy tuuh bna. BI shandiih hernee ene tuuhiig meddgui bailaa byarllaaaa.
ReplyDeleteBuils l bna shde. Yun sakura
ReplyDeleteyum medehq yum bj bitgi t1 tech
ReplyDeletegovid sakura bdagiig odoo hurtel meddegq yum uuu t1eee
Manai nutag iim l saikhan shuu
ReplyDeleteЭнэ сакура бишээ. Бариулт бүйлс (Amygdalus pedunculata) юм. Монголын хатуу ширүүн уур амьсгалд хэзээ ч дасан зохицохгүй ээ. Хотын төвд ургаж байгаа нь бшгд бариулт бүйлс
ReplyDelete